Нүүр хуудас

Б.Батмөнх / Шарын гол ХК
×
Б.Батмөнх / ТУЗ-ийн дарга

Б.Батмөнх

Батхүүгийн Батмөнх нь 1996 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2000 онд АНУ, Калтфорний их сургууль төгссөн бөгөөд санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 2007-2008 онд “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2008 оноос одоог хүртэл “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх


---Та компанийнхаа талаар товч танилцуулна уу---
“Шарын гол” ХК нь Монгол Улсын ууган компаниудын нэг бөгөөд 1965 онд байгуулагдсан юм. Харин 1996 онд Шарын голын уурхай нь хувьцаат компани болж зохион байгуулагдаж байсан бөгөөд 2003 онд хувьчлагдаж Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. Уг уухай маань 1965 оноос хойш тасралтгүй нүүрс болон алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн 53 жилийн түүхтэй ууган компаниудын нэг юм.

---Шарын гол компанийн зорилго, зорилтод компанийн засаглалыг өндөр түвшинд хүргэн ажиллана гэсэн байсан.  Тэгэхээр компанийн засаглалын зарчмуудаас хэрэгжүүлсэн хамгийн сайн туршлагаасаа бидэнд хуваалцаач---
Ялангуяа нээлттэй компанийн хувьд компанийн засаглалын тухай ойлголт нь маш чухал байдаг. Бидний хэрэгжүүлсэн маш олон ажлууд бий. Үүнээс хамгийн амжилттай хэрэгжүүлж, үнэлэгдсэн ажил гэвэл оролцогч талууддаа мэдээллийн нээлттэй байдлыг бий болгон ажилласан явдал юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн ил тод байдал нь хөрөнгө оруулагч болон компанийн оролцогч талуудад хамгийн их итгэлцлийг төрүүлдэг. Энэ үзүүлэлтээрээ бид илүү үнэлэгддэг болов уу гэж бодож байна.  

---Монголын компаниудын хувьд компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд тулгардаг гол хүндрэл юу вэ?---
    Монголын компаниудын хувьд янз, янзын асуудлууд тулгардаг байх гэж бодож байна. Миний ажигласнаар ихэнх компаниуд ил тод, нээлттэй байдлыг төдийлөн сайн хэрэгжүүлж чаддаггүй. Гэр бүлийн компаниуд, нээлттэй болон хаалттай хувьцаат компаниудад гэх мэт ихэнх компаниуд  өөрсдийн мэдээллийг нууцлах гэж оролддог. Мэдээллийг нууцалж хаалттай байлгаснаас болоод тухайн компанид хөрөнгө оруулан хамтран ажиллах гэж буй компаниудад ямар нэгэн буруу ойлголт төрөх, итгэлцэлгүй болох гэх мэт хүндрэлүүд гардаг. Үүнээс болоод тухайн компани зах зээл дээр байгаа оролцогч талуудтайгаа харилцаж чадахгүйд хүрдэг гэж би хувьдаа бодож байна. Харин бидний хувьд сүүлийн 12, 13 жилд компанийн засаглалын чиглэлээр цөөнгүй ажлуудыг хийсэн байдаг. Компанийн засаглалыг сайжруулах, шилдэг засаглалтай компани болоход гүйцэтгэсэн хамгийн гол ажил бол гадаадын олон ТУЗ – ийн  гишүүнтэй байсантай уялддаг бөгөөд тэднээс маш олон зүйлийг суралцсан байдаг. Үүнээс гадна бид 2010 онд хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 3 жилийн бэлтгэл ажил шаардсан байдаг.  Энэ хооронд бид ажилтнууд, Гүйцэтгэх удирдлагын баг, ТУЗ – ийн гишүүдээ сургах ажлуудыг гүйцэтгэсэн.  Бидний зүгээс дээр дурдсан ажлуудыг хийсэн учраас компанийн засаглалын хувьд зөв зохион байгуулалттай гэж өөрсдийгөө дүгнэдэг.

---Танай компанийн хувьд компанийн засаглалыг голлон хариуцан хэрэгжүүлдэг бүтэц нэгж гэвэл юуг нэрлэх вэ? Ямар албан тушаалтнууд байдаг вэ?---
 Засаглалыг хэрэгжүүлэгч бүтэц нэгж гэхээр ихэнх хүмүүсийн хувьд ТУЗ болон гүйцэтгэх удирдлага гэж ойлгодог. Гэтэл үүнээс гадна компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд компанийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг stake holder буюу оролцогч талуудын хамтын ажиллагаа, тэдгээрийн шахалтууд нь компанийг сайн засаглалтай болоход нөлөөлж, чиглүүлж өгдөг юм болов уу гэж би бодож байна.
Албан тушаалыг нь шууд нэрлэх юм бол компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн  нарийн бичгийн дарга гэж хэлмээр байна л даа. Энэ хүн маань маш сайн чадвартай, туршлагатай, сайн засаглалынхаа үндсэн агуулгыг ойлгосон хүн байгаа тохиолдолд компанийг уг асуудлын хүрээнд удирдан чиглүүлэх боломжтой байдаг. Уг албан тушаалтан маань ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийг хооронд нь холбож уялдуулдаг хүн шүү дээ. Тэгэхээр энэ хүний үүрэг оролцоо хамгийн чухал гэж би боддог.
5.Таны хэлснээр компанийн засаглалыг хэрэгжүүлэгчид нь ТУЗ, Гүйцэтгэх удирдлагаас гадна ТУЗ-ийн нарийн бичгийн дарга юм байна. Эдгээр албан тушаалтнууд компанийн засаглал ямар түвшинд байгааг хэрхэн үнэлж хянадаг вэ?
Бидний хувьд энэ жил сайн засаглалтай байсан, өмнөх жил муу байсан гэх мэтчилэн өөрсдийгөө үнэлж дүгнэх боломжгүй. Аливаа нэг компанийн засаглал сайн байгаа, мөн засаглалын үндсэн зарчмуудыг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж чадаж байгаа зэргийг зээлдэгч байгууллагууд зээл өгч эхлэх, харилцагч байгууллагууд итгэл үзүүлж эхлэх гэх үзүүлэлтээр харж болох болов уу гэж бодож байна.

---Компанийн засаглалыг ярихад ТУЗ-ийн тухай зайлшгүй ярих хэрэгтэй болно. Шарын гол компани ТУЗ-өө хэрхэн бүрдүүлдэг вэ? Тэдэнд ямар шалгуур, үзүүлэлт тавьдаг вэ? Танай компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Гүйцэтгэх захирал, гадаадын иргэд байдаг нь анхаарал татаж байна л даа---
ТУЗ-ийн хувьд компанийн тухай хуулиараа саналын эрхтэй томоохон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл орж ирж байгаа. “Шарын гол” ХК-н ТУЗ-ийн бүрэлдэхүүний хувьд 6 ердийн гишүүн, 3 хараат бус гишүүнтэй. Ердийн гишүүдийн хувьд тавих гол шалгуур нь тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээ болон саналын хэмжээнээс хамаарч байгаа. Манай компанийн хувьд гадны томоохон хөрөнгө оруулалтын сангууд манай хувьцааны багцуудыг эзэмшдэг учир гаднын иргэд ТУЗ-д сонгогдон ажилладаг. Гүйцэтгэх захирлын хувьд манай компанийн дүрэмд зааснаар Гүйцэтгэх захирал нь ТУЗ-д ажиллаж болдог. Түүнчлэн гүйцэтгэх захирлыг ТУЗ-д оруулах болсон шалтгаан нь компанийн өдөр тутмын ажлыг ТУЗ-д илүү сайн ойлгуулан тайлагнаж чаддагаас гадна компанийн нарийн ажлуудыг ойлгуулж байдаг тул  гүйцэтгэх захирлыг ТУЗ-д байх нь зүйтэй юм болов уу гэж бид хардаг.  

---Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орж  ирдэг хараат бус гишүүдийн ач холбогдол юу вэ? Танай компанийн хувьд тэдний оролцоо ямар түвшинд байдаг вэ?---
Компанийн хараат бус гишүүд 2014 оны компанийн тухай хуулийн өөрчлөлтөөс хойш нэлээд эрх мэдэлтэй болсон байгаа. Мэдээж аливаа компанид сонирхлын зөрчилтэй хэлцлүүдээс эхлээд олон асуудлууд гардаг бөгөөд үүнд хараат бус гишүүд маань санал бодлоо илэрхийлж, байлцсанаар аливаа төвшинд сонирхлын зөрчилд үндэслэсэн буруу шийдвэр гаргахаас хамгаалдаг өндөр ач холбогдолтой. Мөн хувьцаат компаниудад цалин урамшуулал, нэр дэвшүүлэх, аудитын зэрэг хороод заавал байх ёстой.  Манай хувьд эдгээрээс гадна нэмэлт нэг хороо байдаг.  Хороонуудын бүтцэд 2/3 нь хараат бус гишүүн байх ёстой гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Тэгэхээр хуулиа сайн мэддэг, мэргэжлийн хараат бус гишүүнтэй байх нь ТУЗ-ийн ердийн гишүүдийг аливаа хууль зүйл хийхээс хамгаалдгаас гадна аливаа ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлдэг. Энэ нь өөрөө сайн засаглалын нэн шаардлагатай зарчмуудын нэг шүү дээ.
8.Танай компанийн хувьд байгуулагдаад 50 гаруй жил, хувьцаат компани болоод 15 жил болж байгаа юм байна. Тэгэхээр удирдлагын залгамж халааны асуудал яригддаг болов уу? Энэ талаар баримталдаг бодлого төлөвлөгөө байдаг уу?
Удирдлагын залгамж халааны тухай ярихад хувьцаат компанийн хувьд гэр бүлийн компанитай адилгүй шүү дээ. Манай компанийн хувьд нийт 10,170,000 ширхэг гаргасан хувьцаатай. Энэ хувьцааг хэн хэдэн хувиар эзэмшиж байна вэ? гэдгээс шалтгаалаад ТУЗ бүрдэж байдаг. Тэгэхээр ТУЗ-өөсөө гүйцэтгэх захирлыг томилдог шүү дээ.  Бидний хувьд гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах тодорхой шаардлагуудыг тавьж ажиллаж байсан. Түүнчлэн тодорхой хугацаанд манай гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн захирлаар гадаадын, тухайлбал Австрали, Өмнөд Америк зэрэг улсуудад ажиллаж байсан туршлагатай уул уурхайн компанийн мэргэжлийн СEO, CFO нар ажиллаж байсан. Одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн тавьсан шаардлагын дагуу Монгол захирал томилогдоод ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

---Монголын компаниудын хувьд сүүлийн жилүүдэд нээлттэй хувьцаат компани болж хөрөнгө оруулалт татах явдал ихсэж байна. Тэгэхээр нээлттэй хувьцаат компанийг удирддаг хүний хувьд та амжилттай хөрөнгө оруулалт татахад юу чухал гэж бодож байна вэ?---
IPO хийж амжилттай ажиллахад хамгийн чухал зүйл бол тухайн бизнес нь цаашид ашигтай байх явдал байдаг. Учир нь хувьцаа худалдаж авах сонирхолтой хүмүүс тухайн хувьцааны үнэ, үр өгөөж нь өснө гэдэгт итгэлтэй байх ёстой. Тэгэж байж л хөрөнгө оруулагчид тухайн хувьцааг сонирхоно шүү дээ. Тиймээс амжилттай хөрөнгө татахын тулд, нэгдүгээрт, prospectus буюу үнэт цаасны танилцуулга, хоёрдугаарт due diligence буюу хуулийн дүгнэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулалт хийж байгаа хүний итгэлийг алдахгүй, хөрөнгийг үрэгдүүлэхгүй байх дээр л анхаарах ёстой.  Ингэсэн тохиолдолд хувьцаа худалдан авах сонирхолтой хүний итгэлийг олно. Due diligence хийх ажлын явцад компанийн засаглал маш чухал байдаг.

---Олон Улсын хандлагаас харахад компанийн засаглалын ойлголттой зэрэгцээд компанийн нийгмийн хариуцлагын тухай ярих болжээ. Уул уурхайн салбарт ажилладаг танай компанийн хувьд байгаль орчин, орон нутагтай харилцах харилцаа зэрэг асуудлууд чухал байж таарна. Тэгэхээр энэ тухай бидэнд хуваалцаач---
Stake holder буюу оролцогч талуудын хувьд зөвхөн компанийн удирдлага, ТУЗ, ажилтнуудаас гадна төр засгийн байгууллага, орон нутгийн байгууллага, малчид зэрэг маш олон талууд байдаг. Эдгээр оролцогч талуудын эрх ашиг сонирхлыг хохироохгүйгээр хэн хэнийхээ эрх ашгийг хамгаалах, дээдлэх мөн дэмжиж ажиллах нь орчин үед маш чухал болоод байна гэж бид үзэж байгаа.  Манай компанийн хувьд бусад компаниудтай харьцуулахад энэ тал дээр бага зэрэг онцлогтой байгаа.  Учир нь “Шарын гол” компани анх байгуулагдахад түүнийг түшиглэн “Шарын гол” сум байгуулагдсан байдаг.  Өөрөөр хэлбэл “Шарын гол” сумын иргэдийн амьдрал “Шарын гол” ХК –иас шууд хамаардаг гэж ойлгож болно. Уурхайд ажилладаг олон хүмүүс тухайн суманд амьдардаг. Жишээлбэл, компанийн цалин буудаг өдөр тухайн сумын дэлгүүрийн орлого ихэсдэг. Энэ нь уурхай болон сумын амьдрал хир зэрэг холбоотой байгааг илтгэж буй хэрэг юм. Мөн бидний хувьд орон нутагтай харилцдаг орон тооны нэг хүнийг ажиллуулдаг. Энэ ажилтан маань орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ? тэднийг хэрхэн яаж дэмжих вэ? гэдэг талаар санал боловсруулж солилцсоны үндсэн дээр ТУЗ-д танилцуулан төлөвлөгөө боловсруулж баталж ажилладаг учраас бид орон нутагтайгаа маш сайн ойлголцож хамтран ажилладаг.

---Шарын гол компанийн хувьд нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлж байсан онцлох ажлаа танилцуулбал---
Та бүхэнд нэгэн жишээнээсээ хуваалцахад манай компани маань 10 орчим жилийн өмнө хаагдах хэмжээнд хүрч байсан юм. Уурхайн олборлолтын хэмжээ буурч, хөрс хуулалтын хэмжээ ихсэж, алдагдалтай ажиллаж, санхүүгийн хувьд хүндрэлтэй жилүүдийг туулж байсан. Алдагдал хүлээж байсан гол шалтгаан нь манайхаас олборлодог нүүрсийг цахилгаан станцуудад зохицуулалттай үнээр нийлүүлдэгтэй холбоотой байсан. Үүнээс үүдэн компанийг хаах талаар хүртэл ярилцаж байсан. Харин энэ үед бидэнд аз тохиож стратегийн сайн түнш олж чадсан юм. Бид хөрөнгө оруулагчдаа техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийе, уурхайн үйл ажиллагааг сайжруулъя гэсэн саналуудыг тавихаар төлөвлөн бүхий л асуудлуудаа тайлбарласан боловч тухайн томоохон хувьцаа эзэмшигч маань бидэнд зөвхөн хайгуул хийхэд зарцуулна гэсэн нөхцөлтэйгөөр 3 сая ам.долларын хөрөнгө оруулъя гэсэн гэнэтийн саналыг тавьсан юм. Тухайн үед бидэнд байсан лицензийн нөөцийн хэмжээ бага байсан бөгөөд цаашдаа урт хугацаанд тогтвортой ажиллахын тулд илүү нөөц хэрэгтэй байсан нь энэхүү саналыг тавихад хүргэсэн байх л даа. Ингээд бидний зүгээс саналыг хүлээн авч хайгуулын ажлыг эхлүүлсэн юм. Эцэст нь энэхүү хайгуулын үр дүнд тухайн үеийн тооцож байсан нөөцөөс 10 дахин илүү нөөцийг илрүүлж чадсан. Ингэснээр манай уурхай дараагийн 100 жил тасралтгүй ажиллах боломжтой болсон гэдгийг бусад оролцогч талууд, хөрөнгө оруулагч нартаа ойлгуулж чадсан.
Компанийн нийгмийн хариуцлагын тухай чи асуусан шүү дээ. Хэрэв бид хайгуул хийж ордын нөөцөө нэмэгдүүлж чадаагүй байсан бол уурхайг хаах хэмжээнд хүрэх байсан. Уг уурхай маань хаагдах хэмжээнд хүрвэл орон нутгийн хэмжээний асуудал болох ажилгүйдэл үүсч орон нутгийн иргэдийн амьдрал аж ахуйн асуудал хүнд байдалд орно. Үүнээс гадна улс орны хэмжээний асуудал үүснэ. Яагаад гэвэл шарын голын нүүрсний уурхай маань Дархан, Эрдэнэт, Хойд бүс нутгийг дангаараа нүүрсээр хангадаг. Тэгэхээр уг хангамж зогссон тохиолдолд хойд бүс нутгийн нүүрсийг хаанаас хангах вэ? гэсэн асуудал үүснэ. Үүнтэй холбоотойгоор Шивээ овоо, Багануурын нүүрсний уурхайн ачаалал нэмэгдэж сөрөг тээврийн асуудал үүснэ. Тэгэхээр зөвхөн компанийн хэмжээний биш, улс орны хэмжээний асуудлыг Америкын томоохон хөрөнгө оруулалтын сангийн зоригтой шийдвэрийн үр дүнд даван туулж өнөөгийн нөхцөл байдал хүрч ирсэн. Үүнийг би хувьдаа бизнесийн сонирхолтой түүх гэж боддог.
скачать dle 12.0
1
Сэтгэгдэл үлдээх