Нүүр хуудас

Компаниуд тайлагналын ил тод байдлыг хангадаг ч улам сайжруулах шаардлага бий
СЗХ-ны дарга Доктор С.Даваасүрэн

СЗХ-ны дарга Доктор С.Даваасүрэн

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулж буй салбаруудынхаа хэмжээнд цаашид засаглалыг улам сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжлийн оролцогчдыг дэмжих асуудлыг тэргүүлэх зорилтоо болгон тавьсан. Үүнийхээ хүрээнд 2018-2021 оны стратеги төлөвлөгөөндөө компанийн засаглал, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад ажиллаж байна.
Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын засаглалын өнөөгийн нөхцөл байдал...

Аливаа аж ахуйн нэгжийн засаглалын түвшинг хувь нийлүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийн хэрэгжилт, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл болон тайлагналын ил тод байдал зэрэг үзүүлэлтүүдээр хэмждэг. Санхүүгийн зохицуулах хорооноос хариуцан зохицуулдаг зах зээлүүд тус бүртээ өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг.
Жишээлбэл, 2017 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын 56 хувь нь нэг хувьцаа эзэмшигчтэй. Эдгээрийн 89 орчим хувийнх нь эзэд нь гүйцэтгэх удирдлагын үүргийг давхар эрхэлж байна. ББСБ-уудын эзэмшлийн бүтэц, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг нь тэдгээрийн компанийн засаглал сул байхад нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Судалгаанаас харахад ихэнх ББСБ-уудын хувьд эх үүсвэрийнхээ 75 хувийг өөрийн хөрөнгөөр, 25 хувийг гаднаас татсан хөрөнгөөр бүрдүүлж байгаа нь олон нийтийн компанийн хэлбэрээр бус, хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад нөлөөлдөг.
Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн хоёр жилд ББСБ-уудыг бие даасан, тогтвортой, өрсөлдөх болон эрсдэл даах чадвартай, мэргэжлийн санхүүгийн институци болгох зорилгыг дэвшүүлсэн. Энэхүү зорилгыг хангах үүднээс үйл ажиллагааны цар хүрээг нь тэлсэн, харилцагчийн эрх ашгийг хамгаалсан бодлогыг баримтлан ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2017 оны 01 дүгээр сард ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гарган, хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч эхэлсэн.
Өнөөгийн байдлаар ББСБ-уудын хөрөнгийн чадавх харьцангуй сайжирч,зарим ББСБ-ууд нэгдэн нийлэх замаар үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгаа бөгөөд тэдгээрийн мэргэжлийн ур чадвар, нөөц бололцоо нэмэгдэж байна. Эдгээр үзүүлэлтүүдийг дагаад тэдний засаглалын түвшин сайжирч байгаа нь ажиглагдаж байна.
СЗХ-ноос засаглалыг сайжруулах чиглэлээр дээрхээс гадна хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Тодруулбал, банк бус санхүүгийн салбарын хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээгээр томд тооцогддог болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлдэг, мөн бонд гаргасан ББСБ-уудын засаглалд шинжилгээ хийсний үндсэн дээр итгэлцлийн үйлчилгээ үзүүлдэг ББСБ-ууд нэг буюу түүнээс дээш тооны хараат бус, нийт таваас доошгүй гишүүн бүхий төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх зэрэг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагуудыг нэмэлтээр тавьж холбогдох журмаар зохицуулж байна.
Даатгалын салбарын хувьд бусад салбаруудтай харьцуулахад засаглалын түвшин нь харьцангуй өндөр байдаг. Мөн Хорооноос даатгалын компаниудад зориулсан засаглалын кодекс, зөвлөмжийг боловсруулан мөрдлөг болгож ажилладаг. Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын хувьд бүх гишүүдийн хурлыг цаг хугацаандаа хуралдуулан санхүүгийн тайлан мэдээ, үйл ажиллагааны талаар тогтмол нийтэд мэдээлж ажилладаг. Компанийн засаглалын чухал үзүүлэлтүүдийн нэг болох мэдээллийн ил тод, нээлттэй байдал Хорооны зохицуулалттай байгууллагуудын хувьд харьцангуй сайн гэж хэлж болно.
Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц болсон мэргэжлийн байгууллагууд, хувьцаат компаниудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээлэл, хурлын материалыг Хороо сар, улирлаар гаргуулан авч, нэгдсэн хяналтыг хийдэг.
Өөрийн зохицуулалтад байдаг бүхий л салбар, аж ахуйн нэгжийг бид тогтмол хянаж ажилладаг гэж болно. ББСБ, даатгалын болон үнэт цаасны компаниуд, ХЗХ-д хуулийн дагуу санхүүгийн тайлан мэдээг цаг тухайд нь гарган аудитаар баталгаажуулж олон нийтэд мэдээллэн ажилладаг. Мөн Хороо дээрх байгууллагуудын санхүүгийн тоон мэдээг нэгтгэн салбарын тойм, санхүүгийн тайлангийн нэгтгэлийг боловсруулан улирал тутам нийтэд мэдээлж, УИХ болон төрийн холбогдох байгууллагад хүргэдэг юм. Өөрөөр хэлбэл, банкнаас бусад санхүүгийн салбарын компаниудын санхүүгийн тайлагналын ил тод байдлыг ханган ажиллаж чаддаг гэж үзэж болно. Мэдээж, улам сайжруулах шаардлага байсаар байгаа.

Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын засаглалыг улам сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх хэрэгтэй арга хэмжээ...

СЗХ зохицуулж буй салбаруудынхаа хэмжээнд цаашид засаглалыг улам сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжлийн оролцогчдыг дэмжих асуудлыг тэргүүлэх зорилтоо болгон тавьсан. Үүнийхээ хүрээнд 2018-2021 оны стратеги төлөвлөгөөндөө компанийн засаглал, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад ажиллаж байна. Тухайлбал, зах зээлд оролцогчдын бизнесийн хариуцлагыг сайжруулах зорилгынхоо хүрээнд бид мэдээллийн ил тод байдлыг хангах замаар хувьцаа эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, гомдлыг барагдуулах механизмыг олон улсын стандартад хүргэх, гишүүд, үйлчлүүлэгчдийн үнэн зөв мэдээлэл, тайлан тогтмол өгөх хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой стандарт, хариуцлагын цогц арга хэмжээг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг цөөнгүй ажил төлөвлөөд явж байна.
Мөн үнэт цаасны арилжааны цахим хяналтын тогтолцоог бүрдүүлж хөрөнгийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах болон хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлуудыг хийж байна. Түүнчлэн компанийн засаглалыг сайжруулах замаар санхүүгийн байгууллагуудыг төлөвшүүлэх зорилгынхоо хүрээнд ББСБ, ХЗХ, даатгалын болон үнэт цаасны компаниудын засаглалыг сайжруулах зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой судалгаа, хэлэлцүүлгийн ажлуудаа эхлүүлсэн.
Үүнээс гадна ББСБ-ыг үнэт цаасны зах зээлд хувьцаа, нээлттэй өрийн бичиг гаргахыг дэмжсэн бодлого баримталж, төрийн бус байгууллага, өөрийгөө зохицуулах байгууллагад олон улсын туршлагыг нэвтрүүлэх зэрэг бодлогын болон зохицуулалтын ажлуудаар компанийн засаглал болон хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилтоо хангахаар ажиллаж байна.

Олон улсын туршлага - Хөрөнгийн зах зээл

Олон улсын туршлагаас харахад компанийн зохистой засаглалыг бий болгож, хэрэгжүүлэх үүргийг санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага зохицуулалтын хүрээндээ хүлээж ажилладаг байна.
Тухайлбал, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх, тэдгээрийн тэгш оролцоо, дуу хоолойг хүргэх, түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ, хүлээх үүрэг, шийдвэр гаргах үйл явц зэрэгт хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн, ил тод, нээлттэй, жигд оролцох боломжийг бүрдүүлсэн байх тогтолцллг зохицуулагч байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд тогтоож, хэрэгжилтийг хангуулж байдаг. Харин мэдээллийн ил тод байдал, тайлагналын асуудлыг зохицуулагч байгууллага нь тогтоож, бирж буюу өөрийгөө зохицуулах байгууллага хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьдаг байна. Мөн зохицуулагч байгууллагын зүгээс давхар хянадаг жишигтэй байдаг.

Австрали улсын жишээ...

Австралийн хөрөнгийн бирж (ASX) дээр 2260 гаруй хувьцаат компани бүртгэгдсэн байдаг ба нийт 2 орчим их наяд австрали долларийн зах зээлийн үнэлгээтэй байдаг. Энэхүү бирж дээр хувьцаа гаргахын тулд компаниудад тодорхой хэмжээний шалгуур, шаардлага тавигддаг бөгөөд үүний нэг нь компанийн засаглалын шаардлага юм.
Австрали улсын компанийн засаглалын тогтолцоог Австралийн Үнэт цаас, Хөрөнгө оруулалтын хороо /ASIC/ хариуцан ажилладаг ба Компанийн акт (2001)-аар зохицуулдаг.
ASIC нь Австралийн хэрэглэгч, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд компани болон санхүүгийн үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэх, зохицуулах, мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй компаниудыг үр ашигтай, шударгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байдаг.
ASIC нь компанийн засаглал, санхүүгийн үйлчилгээ, энгийн болон үүсмэл үнэт цаас, даатгал, хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалах болон санхүүгийн боловсрол олгох зэрэг хэсгүүдийг хариуцан ажилладаг байна.
скачать dle 12.0
1
Сэтгэгдэл үлдээх