Нүүр хуудас

Засаглал нь бүхий л салбарт байх өөрийгөө хамгаалах дархлааны систем юм
Д.Батжаргал

Д.Батжаргал

Манай орны хувьд анх 1990-ээд оноос эхлэн улсын үйлдвэрийн газруудаа цэнхэр, ягаан тасалбараар хувьчлан хувьцаат компани болгон өөрчилсөн байдаг. Эргээд санахад анхны хувьцаа эзэмшигчдийн хурал болох “Баянгол зочид буудал”-ын хувьцаа эзэмшигчдийн хурал 1991 оны 11 дүгээр сард “Хүүхдийн ордон”-д болж байсан юм.

Corporate гэдэг үгийг олон төрлийн өөр өөр бизнесүүдийн нэгдсэн хамтын удирдлага гэж ойлгож болно. Харин Governance буюу засаглал гэдэг үгний уг үндэс нь засах залруулах гэдэг утгыг илтгэдэг. Тэгэхээр Corporate Governance гэдгийг нийтээрээ засах буюу байгууллагуудын нэгдэл хэмээн ойлгож болно. Монгол Улсад анх засаглалын талаарх ойлголтыг дээрх утгаар  утгачлан нэрлэх гэсэн боловч хуучны социалист нийгмийн “Коллектив” буюу хамтын ажиллагаа гэсэн ойлголттой андуурагдах магадлалтай байсан тул олонхын саналаар Компанийн Засаглал хэмээн нэрлэх болсон юм. Гэтэл уг нэршлээс үүдэн зөвхөн компанийн хувьд л засаглал байх ёстой хэмээх өрөөсгөл ойлголт газар авах болсон юм.

Засаглалын тухай ойлголт бүхий л төвшинд байх шаардлагатай байдаг. Жишээлбэл: Сургууль, цэцэрлэг, улсын их хурлын тамгын газар, эмнэлэг тэр ч байтугай айл гэр дотор хүртэл байх ёстой.
Засаглалын тухай ойлголтын үүсэл гарал нь 19-р зуунаас эхтэй бөгөөд аж үйлдвэржсэн орнуудад  компанийн үйл ажиллагаа хөгжих үйл явцтай давхацдаг. Түүхийн турш компаниуд томрохын хэрээр эзэд компаниа ганцаар удирдан авч явах нь хүндрэлтэй болсон тул хөлсний менежер авч ажиллуулах шаардлага урган гарсан. Уг шаардлагын улмаас агентын буюу эзэн төлөөлөгчийн онол гэгч зүйл  яригдах болсон. Эзний хувьд хөлсөлсөн менежер нь түүний хөрөнгийг зүй ёсоор нь арвижуулж байгаа болов уу гэсэн хардалт үргэлж үүсдэг. Харин менежерийн хувьд өрийнх нь хөлс хүчийг зөвөөр үнэлэхгүй байх вий гэсэн сэрэмж байнга урган гарч байдаг. Тиймд компани томрохын хэрээр чадварлаг менежерүүдийг хөлслөн хамтын удирдлага хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон бөгөөд хамгийн анхны байгуулсан нэгдэл нь төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ юм. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөр өөр салбарын, ямар ч мэргэжилтэй хүн байж болох боловч хамгийн чухал нь удирдахуйн ухаан буюу менежментийн талаар маш сайн мэдлэгтэй байх явдал юм.
Менежмент буюу удирдахуйн ухаан нь хэрхэн засаглалын тухай ойлголттой холбогдох болсныг товч тайлбарлая. Менежментийн тухай ойлголт нь анх хяналт тавих шаардлагаас үүдсэн байдаг. Менежментийг үндэслэгчдийн нэг болох Францын нүүрс олборлолтын томоохон компанийн удирдагч Анри Файолийн тодорхойлсноор аж үйлдвэрийн хувьд технологийн шат дамжлага болгонд тавигдаж буй хяналт нь менежмент юм гэжээ. Харин өнөө үед компани ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн үйлдвэрлэнэ гэдэг нь өөрөө үнэ цэнэ бүтээх үйл явц юм. Үнэ цэнийн гинжин хэлхээ гэдэг нь технологийн шат дамжлагын дагуу ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж байхыг хэлнэ. Харин уг үйл явцыг зохион байгуулахыг нийлүүлэлтийн гинжин холбоо буюу энгийнээр логистик гэх бөгөөд үүнд хяналт тавихын тулд үйлдвэрлэлийн зохион байгуулалт буюу үйлдвэрлэлийн менежмент гэх салбар үүсэж хөгжсөн байдаг.  Түүнчлэн хяналтын үйл явц нь өөрөө хөрөнгө, санхүүтэй салшгүй холбогддог тул зардлын менежмент гэх ойлголт бий болж санхүүгийн хяналт хэрэгжих болсон. Эдгээр үйл явцуудаас дүгнэн хэлэхэд менежмент гэдэг нь компанийн хувьд санхүүгийн менежмент, логистик, үйлдвэрлэлийн менежмент зэргийг багтаасан иж бүрэн цогц ухаан юм. Тиймээс энэ бүгдийг авч үзээд компанийн цаашдын бодлого төлөвлөлт буюу стратегийн удирдлагыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй болсон байна.
Зөвхөн амжилтад хүрсэн стратегийг сайн стратеги гэж тодорхойлох бөгөөд цаасан дээр бичсэн уриа төдий зүйлээр хэмжиж болохгүй. Стратеги нь бүтэцлэгдсэн үйл ажиллагаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхдээ хамтаар нэгдсэн нэг зорилгын дор хэрэгжүүлэх нь чухал байдаг. Стратегийн үүсэл хөгжлийн талаар авч үзвэл цэрэг дайны үед эсрэг дайсныг ялан дийлэх ухаан болж гарч ирсэн байдаг. Өнөөгийн бизнесийн өрсөлдөөн ширүүссэн үед зайлшгүй судлагдах болжээ. Стратеги хэрэгжиж үйл ажиллагаанууд бүтэцлэгдсэн, үүрэг хариуцлагыг тодорхойлсон дүрэм журамтай болох үед засаглал үүсэж буй хэрэг юм. Уг систем хэдийн чинээ тодорхой, сайн бүтэцлэгдсэн байна төдий чинээ сайн засаглалтай байна гэсэн үг. Учир нь компанийн амжилтад хүрэх эсэх нь зөвхөн ТУЗ-өөс шалтгаалдаггүй. Өөрөөр хэлбэл засаглал нь зөвхөн удирдлагын төвшинд яригдах асуудал биш бөгөөд хүн амьд байхын тулд зөвхөн толгой хэрэгтэй байдаггүй, бусад бүхий л эд эрхтнүүд хэвийн ажиллаж байх шаардлагатай байдагтай зүйрлэж болох юм. Товчхондоо засаглалыг хэрэгжүүлэхэд бүгдийн оролцоо чухал. Гэхдээ мэдээж хэрэг стратегийн гол шийдвэрүүдийг ТУЗ-өөс гаргаж түүнийг нь гүйцэтгэх удирдлага бүтэцжүүлэн,  хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцдагаараа гол оролцогчид яах аргагүй мөн юм.
 Сүүлийн үеийн чиг хандлагаар засаглалаа сайжруулахын тулд компаниуд зөвхөн үйл ажиллагаандаа анхаарахаас илүүтэйгээр ажиллагсад болон нийгэм рүү чиглэсэн асуудал руу анхаарч эхэлж байна. Аж үйлдвэржсэн орнуудын хөгжлийн замналаас харвал эхэндээ тэд компанийн нийгмийн хариуцлагын ойлголтыг компаниуд нэр хүндээ өсгөх, имиджээ сайжруулах маркетингийн арга хэлбэр мэтээр ойлгодог байсан. Харин орчин үед энэхүү хандлага өөрчлөгдөж байгаа бөгөөд компани нь нийгэм дунд оршин тогтнодог гэдгээ ухамсарлан урт хугацааны турш зорилгоо биелүүлэхэд нь саад учруулж болзошгүй ямар асуудал нийгэмд тулгамдаад байна вэ гэдгийг илрүүлэн, түүн рүү хөрөнгө оруулж, санаа тавьснаар байгууллага урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах бололцоо гарч ирдэг гэдгийг ойлгосон юм. Явцын дунд энэхүү ойлголт нь гүнзгийрэн тогтвортой хөгжлийн нэгэн гол хүчин зүйл болжээ.
              Манай орны хувьд анх 1990-ээд оноос эхлэн улсын үйлдвэрийн газруудаа цэнхэр, ягаан тасалбараар хувьчлан хувьцаат компани болгон өөрчилсөн байдаг. Эргээд санахад анхны хувьцаа эзэмшигчдийн хурал болох “Баянгол зочид буудал”-ын хувьцаа эзэмшигчдийн хурал 1991 оны 11 дүгээр сард “Хүүхдийн ордон”-д болж байсан юм. Тухайн үед уг компанийн хувьцааг эзэмшдэг 14000 гаруй хүн байсан нь хувьцаа эзэмшигчдийн тооны хувьд жинхэнэ утгаараа олон нийтийн компанийн жишгийг хангаж байсан. Харин одоо бол ихэнх компаниудын хувьцаа 40, 50, 60 хувь гэх мэтчилэн тодорхой нэг этгээдэд төвлөрсөн байна. Энэ нь олон нийтийн компанийн жишээ огтхон ч биш юм. Дээрхээс үүдэн компанийн засаглалын асуудал тавигдах шаардлага урган гарсан бөгөөд 2009 онд “Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийг байгуулан компанийн засаглал гэх ойлголтыг олон нийтэд түгээх ажлыг бид хийх болсон.
Компанийн засаглалыг сайжруулахын тулд нэн тэргүүнд компанийн удирдлага болох ТУЗ-д уг ойлголтыг сайн ойлгуулах хэрэгтэй гэж үзэн тэдгээрт чиглэсэн тодорхой ажлуудыг эхний ээлжид хийж эхэлсэн. Харамсалтай нь Монголд өнөөг хүртэл   сайн засаглал бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна. Тухайлбал ТУЗ-д хараат бус гишүүд байх ёстой байтал хамгийн хараат хүнээ тавьчихдаг, аль эсвэл зөвхөн сайн ТУЗ-төй байснаар засаглал хэрэгжинэ гэсэн өрөөсгөл ойлголт бидний дунд байсаар байна. Иймээс Монгол Улсад засаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх олон нийтийн компани бий болсон цагт энэ тухай ойлголтыг илүү гүнзгийрүүлэн ойлгох боломжтой болох юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд компанийн засаглалыг сайжруулах зорилгоор засаглалын төвшинг үнэлэх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа нь хөгжлийн нэг томоохон гишгүүр болж байна гэж ойгож болно.  
скачать dle 12.0
1
Сэтгэгдэл үлдээх